ISO 10241-2 СТАНДАРТЫГ ШИНЭЧЛЭХ ОЛОН УЛСЫН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛД ОРОЛЦЛОО

2026 оны 10 дугаар сарын 28–29-ний өдрүүдэд Австрийн Вена хотноо ISO/TC 37/SC 2/JWG 10 – “Terminological entries in standards” хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн хурлыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Уг уулзалт нь ISO 10241-2:2012 “Terminological entries in standards — Part 2: Adoption of standardized terminological entries” олон улсын стандартыг шинэчлэх ажлын хүрээнд болсон юм. Уг олон улсын стандарт нь салбар бүрийн нэр томьёог стандартчилах, хэрэглэх нийтлэг суурь зарчмыг тогтоодог тул аливаа стандартын суурь болдгоороо онцлогтой бөгөөд үндэсний болон бүс нутгийн стандартуудад нэвтрүүлэх, өөр хэл, соёлын орчинд тохируулан хэрэглэх үндсэн зарчим, удирдамжийг тогтоодог чухал баримт бичиг юм. Энэ уулзалтад миний бие ISO/TC 37/SC 2-ийн гишүүний хувьд оролцож, олон улсын нэр томьёоны стандартыг өөр хэлэнд нутагшуулахад тухайн хэлний онцлог, нэр томьёоны тогтолцоо, салбарын хэрэглээ болон ухагдахуун–нэрлэлтийн уялдаа холбоог анхаарч үзэхийн чухлыг онцолж, стандартад тусгах тодорхой саналуудыг хэлсэнд оролцогчид санал нэгтэй дэмжив. Энэхүү оролцоо нь олон улсын стандартын хөгжилд өөрийн орны байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ үндэсний стандартыг боловсруулах, шинэчлэх ажилд нэвтрүүлэх мэргэжлийн мэдлэг, туршлага хуримтлуулахад чухал ач холбогдолтой байлаа.